6/12/2015

Дууны сайхан уянга


Г. Сэсмээ  
Дууны сайхан уянга

Алтанхундага ээжийнхээ дуулахыг нэг ч үзээгүй ажээ. Нутаг усныхан ээжийг нь сайхан дуулдаг гэж ярилцахыг олон удаа сонссон билээ. Саахалт айлын эмээ Алтанхундагыг дуудаад хэлсэн нь:
- Эмээгий нь хүрэгч үнээ тугалласан юм. Тугалаа голоод ер хавьтуулдаггүй ээ. Ээжийгээ ирж авахуулж өгөөч! Гэж байна гэж хэлээрэй гэхэд Алтанхундага шохоорхон
- Эмээ таны үнээ ямар тугал авах гэсэн юм болдоо!
- Хай, хар дамшиг
- Тугал нь тарган уу? Туранхай юу?
- Яаж тарган байхав дээ. Гарснаасаа хойш эхийгээ ганц ч удаа цадталаа хөхөөгүй амьтан чинь
- Ямар зүстэй вэ?
- Нэг унжгар хар юм байх нь л байна.
Өө тэгвэл эмээ! Таны үнээ чинь тарган бас тэгээд улаан ч юм уу? Хүрэн ч юм уу? Тугал авах гэсэн юм байлгүй. Тийм мундаг тарган, ийм зүстэй тугал манайд байхгүй дээ.
 Гэвч би ээждээ хэлье гээд Алтанхундага гэрийн зүг эргэв. Эмгэн: "Хүүе охин минь ээ! Чи буруу ойлгожээ.
Танай тугалыг авахуулах гээгүй. Өөрий нь тугал байгаа юм гэм. Ээждээ хэлээрэй гэх нь сонсогдов. Алтанхундага ээжийнхээ хамт үнээнд тугал авахуулахаар эмгэнийд иржээ. Эмгэн Думаа гуай баруун талаараа шинэхэн гудас нугалсхийн дэмсэж суухыг урихад:
- "Ээж Дулмаа гуай юу гээчийн ёсорхуу юм билээ дээ" гээд гудам ирмэгдэж суув. Думаа гуай цай идээ болж байснаа нэгэн лонх шимийн архи гаргаж ирэв. Гэрийн гадаа том хүрэгч үнээ тушаалтай хэдий боловч цүүцгэр хар тугалаа сэжин, хөхөх гэхээр нь тийрээд хавьтуулахгүй хавьчин зогсоно. Ээж нь тэрхнээ гарч үнээний хондлойг илэн таалах агаад шингэн лимбийн хоолойгоор уянгалуулан өөвөлж байснаа:
Ээжийтэй нь олон ботго нь
Ээжийгээ дагаад буйлна даа
Ээжий нь үгүй нэгэн
Ижлээ дагаад буйлна дээ
Гээд улам ч хоолой нь цээл тунгалаг, харц нь дөлгөөн уяруун болов.
Далан цагаан тэмээгээ
Талаа дүүрээд бэлчихэд
Далай болсон сүүгээ
Санан санан буйлнам
гээд униартан дүнхийх уулын оргилд ч сонсдож буй болов уу гэмээр хичнээн гайхамшигтай уянгалуулан дуулна вэ? Нэг мэдэх нь ээ хэдийд ч ирснийг бүү мэд, хот айлын хүмүүс хүрч ирээд гэрийн хаяанаа эгнэн сууцгааж чих тавин чагнаж байв. Бүдүүн хүрэгч үнээ тушаатайгаа дороо хавчигнаж байснаа сүү нь саамшин гоожиж, хангинатал мөөрөв. Сүүлдээ том хар нүднээсээ бөөн бөөн нулимс асгаруулан, эргэн тойрноо ямар нэг юм эрэх мэт нулимст хар нүдээрээ гунигтай ажигласнаа уяатай тугалруугаа тэмүүлэн очоод үнэртэн долоолоо. Тугалыг нь тавихад эхийнхээ саамшсан хөхийг хөөс цахруулан навшиж гарав. Хүрэгч үнээ хилэн хар тугалынхаа зөөлөн хондлойг гилчийтэл долоосоор хааяа зөөлнөө үгтнэнэ. Ээжийгий нь уянгалуулан дуулж, өөвлөх эгшиг дуунд тугалаа голсон үнээ ийнхүү тугалаа авч, хүмүүс "Юу гээчийн сайхан хоолой вэ?" хэмээн шагшиж нулимсаа арчиж байхыг үзсэн нь тэр билээ.

No comments:

Post a Comment