11/22/2010

Гэр (хөх судараас)

          
Гэр

Эсгийгээр бүрхсэн гэр чинь
Эрдэмт дээд ордон болтугай
Эрдэмт ордонд суусан эзэн чинь
Эрх хүчин нэмэгдэж ийн жарган атугай
Босгот гэрийн үүднээс
Буянт булаг дэвлэн
Боржигид язгуурт тэнгэрлэг эзэн минь
Булт бүхнийг эзлэн суух болтугай.

          

Магнагаар бүрхсэн өргөө чинь
маш дээд орон болтугай.
Манжлагат хөшигт суусан манай эзэн
Магадаар дэлхий дахиныг эзэлтүгэй.
Тажаар дотолсон өргөө чинь

               
Тансаг сайхан харш болтугай.
Тавтайяа дотор суугч бидний эзэн
Тасархай их хаан сууринд суутугай.
Тоононд агсан гэрийн сахиусанд
Тунамал рашааны сацал өргөмү
Дотор оршсон эрхэт эзнийг минь
Тотгор үгүйеэ жаргалант болгон соёрх.
Хоймор агсан ширээ суудлын эздэд
Хотол бүрэн рашааны сацал өргөмү.
Хос сайхан дөрвөн хөлт сандлаа
Хол уртад бат болгон зохио.

Хөх судар I  <122 тал>